2010-05-07
Чарльз Дарвин
 
Чарльз Дарвин /1809.02.12-1882.04.19/

Чарльз Дарвины тухай товчхон
Байгаль судлагч, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн тухай материалист сургаалийг боловсруулсан Чарльз Роберт Дарвин 1809 оны 2 сарын 12-нд Английн Шрусбери гэдэг жижигхэн хотод төржээ. Эцэг Роберт Эразм Дарвин нь эмнэлгийн талын нилээд өргөн мэдлэг, туршлагатай, эх Сусанна Веджвуд нь чинээлэг айлаас гаралтай өвөг эцэг Эразм Дарвин нь эмч, байгаль судлагч, яруу найрагч хүн байв. Ч.Дарвин дунд сургуулиа төгсгөөд Эдинбургийн их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн тэндээ хоёр жил суралцаад Кембриджийн их сургууль уруу шилжин сурчээ. Их сургуулиа төгсөнгүүт 1831 онд, дэлхийг тойрон аялах экспедицийн багт байгаль судлагчаар оролцох болж "Бигль" хөлөг онгоцоор таван жил үргэлжилсэн урт судалгаа хийж, 1836 онд эргэн иржээ.

Дэлхий тойрсон аялал, залуу Дарвины үзэл бодолд онцгой нөлөөлж, амьд байгалийн түүхэн хувьсах хөгжлийн талаар амьдралынхаа туршид судлагаа хийх нөр их ажлынх нь урам зоригийг өгсөн байна. 1842 онд эрүүл мэндийн байдлаас Лондонгоос нүүн, ойролцоох Даун хотод шилжин суурьшиж, тэндээ насан туршаа амьдарч, экспедицийнхээ явцад цуглуулсан ургамал, амьтны аймгийн эртний болоод тухайн үед үл мэдэгдэж байсан асар их олдвор, геологийн эрдэс, чулуулгаа судлан шинжилжээ. 1839 онд "Хайгуулын тэмдэглэл" гэсэн номоо хэвлүүлж түүндээ өмнөд Америк болон арлын олон янзын амьтад, түүний дотроос Галапагоссын арлаас олсон гүрвэл, яст мэлхий, ээрүүл хошуут шувуу зэргийн тухай анх удаа шинжлэх ухаанд мэдээлсэн байна. Тэрчлэн энэ бүтээлдээ геологийн асуудал, өмнөт Америкийн индейчүүд, хар арьстнуудын нийгэм-улс төрийн амьдралын байдлыг хүртэл тусгажээ.

Тэрээр 1837 оноос зүйлийн үүслийн тухай асуудлыг эрчимтэйгээр судалсан гэдэг. Түүний гол үзэл санаа бүрэлдэх, эцсийн дүгнэлт тодорхойлолтоо гаргах ажил үндсэндээ хорин жил үргэлжилж 1859 онд "Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь" гэсэн суут бүтээлээ 50 насандаа бичиж дуусгажээ. 1859 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 1250 ширхэг хэвлэгдсэн энэ ном нь өдөртөө борлогдсон гэдэг билээ. Тэр өдрөөс хойш дэлхийн олон хэл дээр хэвлэгдэж сонгодог бүтээлийн нэг болсон юм.

Ийнхүү Чарльз Дарвин нь байгаль судлагч ухаантан мэргэд, эрдэмтэд төдийгүй, жирийн хүмүүсийн бодол санааг эзэмдэж ирсэн, тайлбарлах, зөв хариулахад нэн төвөгтэй асуудал болох амьд бие буюу амьдралынхөгжлийн тухай шинжлэх ухааны анхны баримт нотолгоотой хариу өгсөн юм.
Аугаа их эрдэмтэн 1882 оны 4 сарын 19-нд 73 насандаа тэнгэрт хальжээ. Түүний шарилыг суутнууд, дээдсүүдийг оршуулдаг Вестминстерсийн сүмд хүндэтгэлтэйтээр залжээ. Сүмийн хойд хэсэгт аугаа их Ньютоны шарилаас хэдхэн алхмын зайд оршуулсан агаад хананд нь их эрдэмтний тэргүүний товгор сийлмэлийг үйлдэж “Дүрсийн үүсэл” болон байгалийн шинжлэлийн бусад олон номыг зохиогч Чарльз Дарвин” хэмээн дармалдан бичжээ.
 
Дарвины гавьяа
Хүмүүс мал өсгөж, ургамал тарьж ургуулахдаа байнга ашигтай сайн тал руу нь бодож, шалгаруулан өсгөж үржүүлдэг байна. Ийм шалгаруулалтыг Дарвин зориудын шалгарал гэж нэрлэв. Бас шалгарал, хувьсал нь байгалийн нөхцөлд явагддаг бөгөөд түүнийг байгалийн шалгарал хэмээжээ.
Дарвинаас түрүүнд Францын эрдэмтэн Жан Ломарк хувьслын тухай онолыг гаргаж тавьсан боловч нотолгоотой материалаар илрүүлж чадаагүй юмаа. Харин Дарвин хувьслын шалтгаан болох байгалийн сонгон шалгарлын учрыг үнэмшилтэй нотолж, өөрийн дэвшүүлсэн таамаглалаа баталж чадсанаараа хүн төрөлхтний өмнө онцгой гавьяа байгуулав. Дарвины онол нь хүн, байгалийн тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчлөв. Энэ ертөнцөд хүний эзэлж байгаа байр суурийн тухай хүн төрөлхтний үзэл бодлыг өөрчилж чадсанд Дарвины нээлтийн ач холбогдол оршдог билээ.
                                                                                                                                     Эволюцийн тухай сургаал
Амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийг судалдаг шинжлэх ухааныг эволюци гэдэг. Дэлхий дээрх амьд биес хэрхэн үүсч, хэрхэн хувирч хөгжсөн, хэрхэн орчиндоо зохицож ирсэн болохыг эволюцийн шинжлэх ухааны онолоор тайлбарлана. Эволюцийн тухай сургаалыг 2 үед хувааж үздэг.
·         Дарвины өмнөх эволюцийн сургаал
·         Дарвины сургаал
Дарвины өмнөх эволюцийн сургаал
Хүн төрөлхтөн эрт дээр үеэс амьд биеийн гарал үүслийг сонирхон судалж байсан боловч тэдгээрийн үүсэл хөгжлийг сайтар мэдэхгүйн улмаас амьд биес хувирч өөрчлөгдөхгүй, бурхан бүтээсэн, устаж үгүй болохгүй гэсэн ойлголттой байв. Тэр үед ертөнцийг үзэх “метафизик” үзэл ноёрхож байв. Энэ үзэл нь байгаль дахь бүх зүйлс төгс зохицонгуй, хувирч өөрчлөгдөхгүй, тогтонги бөгөөд тэдгээрийг бурхан бүтээсэн тул мөнх юм гэсэн ойлголттой байсан юм. Энэ үеийн гол төлөөлөгчид Шведийн эрдэмтэн Карл Линней, Францын эрдэмтэн Жан Батист Ламарк нар байв. Эдгээр эрдэмтдийн үзэл, сургаал нь эволюцийн гол онол болох тухай Дарвины сургаал гарахад чухал нөлөө үзүүлсэн.
К.Линнейн бүтээлийн онцлог
·         Зүйл гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд анх оруулсан.
·         Хос нэршлийн зарчмыг боловсруулсан.
·         Анхны зохиомол ангиллын системийг боловсруулсан.
·         Метафизик үзлийг дэмждэг байсан.
Ж.Б.Ламаркын бүтээлийн онцлог
·         Биологи гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд анх оруулсан.
·         Градацийн зарчмыг боловсруулсан. Энэ нь амьд бие энгийнээс нарийн, доод хэлбэрээс боловсронгуй дээд хэлбэр бий болно гэсэн ойлголт.
·         Эволюцийн анхны онолыг боловсруулсан боловч эволюцийн хөдөлгөгч хүчийг амьд бие бүхэнд байдаг “дэвшин сайжрах дотоод эрмэлзлэл” гэж буруу тайлбарласан.
·         Метафизик үзлийг шүүмжилсэн.
Ч.Дарвины сургаал
Английн эрдэмтэн Чарльз Дарвин амьд биеийн түүхэн хувьсах хөгжлийн тухай сургаалаа 1859 онд “Байгалийн шалгарлын замаар зүйл үүсэх нь буюу амьдралын төлөө тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь” хэмээх алдарт бүтээлдээ тусгасан юм. Ч.Дарвины сургаал гарахад тэр үеийн нийгэм эдийн засгийн байдал, шинжлэх ухааны хөгжил, “Бигль” хөлөг онгоцоор /1831-1836/ дэлхийг тойрон 5 жил аялан ажиглалт судалгаа, амьтан, ургамлын асар баян цуглуулга хийж ирсэн зэрэг нь ихэд нөлөөлсөн юм. Ч.Дарвин аялалаас ирээд 20гаруй жил судалгааны ажлаа хийн амьд биеийн гарал үүсэл, хувьсал хөгжлийн сургаалаа боловсруулсан. Ч.Дарвины бүтээл нь одоо дэлхийн олон оронд “Зүйлийн үүсэл” нэртэйгээр хэвлэгдсэн ба биологийн шинжлэх ухааны гол сургаал болсон хэвээр байна.
Ч.Дарвины сургаалын үндсэн заалт:
·         Зүйлийн гарал үүсэл
·         Удамшил, хувьсал
·         Амьдралын төлөө тэмцэл
·         Байгалийн шалгарлын тухай асуудлууд юм.
Ч.Дарвины эволюцийн хөгжлийн хөдөлгөгч хүчийг зөв тодорхойлсон бөгөөд “Удамших хувьсах дээр тулгуурласан байгалийн шалгарал нь эволюцийн хөдөлгөгч хүч юм” гэж тодорхойлжээ. Дарвины сургаал гарснаар биологийн шинжлэх ухаанд шинэ дэвшил гарсан ба биохими, генетик, палонтологи эмбриологи, физиологи, экологи гэх мэт олон шинэ салбар шинжлэх ухаанууд үүсэх эхлэл болсон байна. Дарвины сургаал нь баталгаа нотолгоотой байсан учир нийтийн хүртээл болсон ач холбогдлын хувьд “Эст бүтцийн онол”, “Энерги хадгалагдах хууль”-тай нэгэн адил түвшинд үнэлэгддэг билээ.
Зүйл
Бүтэц, үйл ажиллагаа, химийн найрлагаараа удамшлын төсөөтэй, хоорондоо чөлөөтэй үржилд орж, үржих чадвартай үр төл өгдөг, орчны тодорхой нөхцөлд зохилдсон, тодорхой орон нутагт тархан амьдардаг хэсэг бүлэг бодгалийг зүйл гэнэ.
Бичсэн: zoljargal | цаг: 02:16 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


wow
bi ene zuiliig haij baisan yum aa mash ih taalagdaj bna daraa iluu olon medeelel iruuleerei
Бичсэн: Зочин (зочин) цаг: 20:06, 2011-09-14 | Холбоос | |


уйлах уйлах инээх хэлээ гаргах whew!
Бичсэн: Зочин цаг: 17:27, 2010-09-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax