2010-05-07
Монгол үндэстэн оюун ухааны чадвараараа 188 орноос 9-т үнэлэгдлээ
Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лvнн, Финландын улс төр судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны "IQ ба үндэстний баялаг"
бүтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхүү судалгаагаар Монгол хүний оюуны чадавх 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ. Харин 2006 онд дахин судалгаа хийхэд Монголчуудын оюуны чадавхи эрс дээшилж, есдүгээр байрт жагсжээ. Таван жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон манайхаас өөр байхгүйг эрдэмтэд онцлоод "Монгол бол төрөлхийн өндөр IQ-тай хүмүүс. Харамсалтай нь улс төрийн систем нь хүмүүсээ боомилоод явуулахгүй байна. Дэлхий дээр монголын үе ирж байна. Тэд оюун ухаандаа анхаарч, ажиллаж эхэлснээс гадна одоо л өөрийгөө олж байна. Энэ маягаараа дэлхийн оюун ухааны орой дээр тун удахгүй гарлаа. Энэ хүмүүсийн сул тал нь бүтээлч бус байдаг" гэж дүгнэжээ. XI зуунд Людвиг Фейербах "Хүний оюуны чадварыг гаргаж өгөх орон зай байхгүй бол оюуны чадвар үгүй болдог" гэсэн байдаг. Ричард Лүнн, Тату Ванханен нар ч "Социалист системд оюуны чадавх болон улс орны амьжиргааны түвшний хоорондын эерэг холбоос алдагдсан байдаг" гэж дүгнэсэн. Гэтэл Монгол улс ЗХУ-ын хамааралтай социалист улс байснаа 1990 оноос улс төрийн болон эдийн засгийн эрс шинэчлэл хийснээр Монголын эдийн засгийн ирээдүйн өсөлт Хятад, Хойд Солонгос, Вьетнамаас илүү байх боломжтой ч газарзүйн тусгаарлагдмал байдал нь саад бэрхшээл учруулж, эдийн засгийн хөгжилд нь сөргөөр нөлөөлж болох юм гэдгийг тэд онцолжээ.
 
Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн алдартай судлаачид юм. Ричард Линн бол Умард Ирландын Колерэйн хот дахь Улстөрийн Их Сургуулийн сэтгэл судлалын чөлөөндөө гарсан профессор юм. Тэрбээр Кэмбрижийн Их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн бөгөөд Экстерийн Их Сургууль, Дублины эдийн засаг болон нийгмийн судалгааны хүрээлэнд ажиллаж байв. Тэрбээр "Дисгенезис: Орчин үеийн хүн амын генийн доройтол" /1996/, Евгеник онол: Дахин нягтлахуй", "Оюуны итгэлцүүр болон үндэстний эд баялаг" /хамтран бичсэн, 2002/, "Арьстнуудын ялгаа оюуны чадварт" /2006/ зэрэг номуудын зохиогч юм. Финляндын одоогийн ерөнхий сайд Матти Ванханений эцэг Тату Ванханен Финляндын Темперийн Их Сургуулийн улс төр судалын профессор, Хелсинкийн Их Сургуулийн Улс төрийн ухааны багш байсан. Тэрбээр 1968 онд Тамперийн Их Сургуульд Нийгмийн ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ювяскюлягийн Их Сургууль, Тамперийн Их Сургууль, Хельсинкийн Их Сургуулиудад ажиллаж байсан. Тэрбээр "Ардчилах үйл явц: 1980-1988 оны хооронд 147 орныг харьцуулан судалсан нь" /1990/, "Улс төрийн хувьслын үндсэн дээр" /1992/, "Ардчиллын төрх байдал: 172 орныг судалсан нь" /1997/, "Угсаатны зөрчилдөөнийг угсаатны непотизмаар тайлбарлах нь" /1999/, "Оюуны итгэлцүүр болон үндэстний баялаг" /Хамтран зохиогч 2002/ номуудыг бичжээ.
 
БАЯЧУУДЫН IQ ЯДУУСЫНХААС ӨНДӨР БАЙДАГ
Тату Ванханен Финляндын одоогийн ерөнхий сайд В.Плант, Э.Миниум нарын эрдэмтэд болон коллеж төгссөн олон мянган хүнээс таван үе шаттай судалгаа авч оюуны чадвар, бие хүний хөгжил хоёр шууд эерэг холбоотойг илрүүлжээ. IQ өндөртэй, чадварлаг хүн л өөрийгөө хөгжүүлж, өрөөл бусдад сайнаар нөлөөлж, төрөөс аль болох хараат бусаар амьдарч, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг нь нотлогджээ. Харин К.Хайес нарын судалгаагаар оюуны чадвар аливааг суралцах цогц чадвар болох нь харагдсан байна. Профессор Гарднер, Фелдман нар тархины үйл ажиллагаа нь алдагдсан болон гайхмаар өндөр оюуны чадвартай вундеркинд хүмүүсийг судалж, оюуны чадвар нь ганц биш олон төрөлтэй болохыг тогтоожээ. Харин Монгол Улсын Оюуны Чадварын IQ төвийн судлаачдын хүрээнд оюун ухааныг 10 орчим төрөлтэй / олон талт оюун ухаан гэж нэрлэдэг/ хэмээн үзэж байна. Лондоны "Таймс" сэтгүүл судалгаа явуулахад оюуны чадвар ба эд баялгийн хооронд маш нягт холбоо байгааг тогтоожээ. Баячуудын IQ нь ядуусын IQ-ээс хамаагүй өндөр байв. Профессор Ричард Линн, Тату Ванханен нарын судалгаагаар тухайн орны иргэдийн IQ дээшлэх тусам амьдралын түвшин нь нэмэгддэг нь нотлогдов. Тэд "Оюуны чадвар гэдэг нь аливаа үндэстний аж амьдралын түвшинд нөлөөлдөг, бие даасан, хамгийн том хүчин зүйл юм" гэжээ. Энэ судалгаанаас хойш хөгжилтэй орны засгийн газар, төрийн тэргүүнүүд оюуны хөгжил хамгаас чухал, IQ-гээ өсгөцгөөе гэж уриалах болсон юм.
 
ОЮУН УХААН ӨВЛӨГДӨХ Ч ОРЧНЫ НӨЛӨӨГӨӨР ӨӨРЧЛӨГДӨНӨ
Германы сэтгэл судлаач Хане Юрген Айзенк, Калифорны их сургуулийн Артур Женсэн, Харвардын их сургуулийн Р.Ж.Хернстайн нар хүний оюуны чадвар IQ нь 80 хувь өвлөгдөж, 20 хувь нь орчны нөлөөгөөр төлөвшинө гэж үзжээ. Гэхдээ сүүлийн үед судлаачид оюун ухааны өвлөгдөх болон орчны нөлөөний талаар маргахаа багасгаж, оюуны чадвар дор хаяж 66,6 хувь удамшиж, 33,3 хувь нь орчноос хамаарна гэсэн жишиг дээр тогтоод байна. Энэ бол оюуны өвлөгдөх чадвар нь орчны нөлөөнөөс хоёр дахин их гэсэн үг юм. Өрх гэрийн оюуны чадамж-IQ хүний хөгжилд маш чухал. Оюунлаг гэр бүлээс оюунлаг хүүхэд төрөн гарах нь илүү магадлалтай. Сул орчин сул хүүхэд бий болгодог. Р.Хернстайн, Ч.Мюррей нар "...Өндөр IQ-тэй хүүхдүүд сайн суралцдаг төдийгүй их сургуулиа төгөөөд шинжлэх ухааны салбарт ажиллавал эрдмийн өндөр зэрэг хүртэж, зэвсэгт хүчинд өндөр албан тушаалд очиж, бизнесийн салбарт менежер, компанийн эзэн болж, их орлоготой байдаг. Харин дунджаас доогуур IQ-тэй хүүхдүүд сургуулиа дутуу хаяж, гэр бүл салж, бугач хүүхэд төрүүлж, ажилгүй болж, тэтгэмжээр амьдрах нь цөөнгүй байдаг" гэжээ. Ажлын байрны IQ ч нийгмийн хөгжилд нөлөөтэй. Харьцангуй өндөр IQ шаардах ажилд доогуур IQ-тэй хүнийг авах нь асуудлыг шийдэх биш хүндрүүлдэг.
 
Тархины хэмжээ: Германы тархи судлаач О.Фогтс "...Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй юм бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ. Тэгвэл монголчууд гарцаагүй тэргүүлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дүгнэлтийг гаргажээ. Том тархинаас том ухаан гардаг гэж үздэг. Учир нь эрүүл хүмүүсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль юм. Ричард Лүнн, Тату Ванханен профессор нарын дэлхийн 185 орны 178 жилийн /1820-1998 он/ түүхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс-үндэстнүүдийн оюуны чадавхийг тооцож гаргасан бүтээлд".. .Дэлхийн хамгийн өндөр оюуны чадавхтай орнууд азид, тэр тусмаа зүүн хойт азид байгаа. Тархиныхаа багтаамжаар энэ бүс нутгийнхан дэлхийд тэргүүлдэг..." гэсэн байна. Монгол эр хүний тархины дундаж хэмжээ 1382 гр бол Ленинийх 1340 гр, Европын цагаан арьстаных 1330 гр, халуун орны хүмүүсийнх 1280 гр байдгийг тогтоожээ. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупүрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хүний тархи 1363 орчим грамм гэсэн байдаг.
 
Хромосом: Чингис хааны үр удмын талаар хэд хэдэн сонирхолтой материал барууны хэвлэлүүдэд нийтлэгджээ. Оксфордын их сургуулийн голлох генетикч Брайан Сайксын "Adam's Curse" номонд "Монголын эзэн хаан Чингис 40 жилийн турш Ази тив даяар маш олон эмэгтэйчүүдтэй холбоотой байсны нөлөөгөөр өнөөдөр түүний V эр хромосомыг дэлхий дээр дор хаяж 16 сая хүн тээж яваа хэмээн баталж байна. Эдгээр хүмүүс зөвхөн Ази тивд төдийгүй дэлхийн олон оронд байна. V хромосом нь эцгээс хүүд уламжлагддаг бөгөөд Ази тивийн янз бүрийн 16 газар орноос судлаачид эрэгтэй хүмүүсийн ДНК-ийн загварын шинжилгээ хийж, хүн амын найман хувь нь V хромосомтой байгааг илрүүлжээ. Чингис болон түүний цэргүүд замдаа таарсан эмэгтэйчүүдтэй сексийн өргөн холбоо тогтоодог байж" хэмээн бичжээ. Тэрээр "Чингис хаан бол хүн төрөлхтний түүхийн хамгийн амжилттай, Альфа эр хүн юм" хэмээн дүгнэлт хийжээ (Грек цагаан толгойн эхний үсгээр англи хэл дээр нэгдүгээр зэргийн гэсэн утгыг давхар илэрхийлдэг). Чингисийн ген нь супер-V төрөлд хамаарна хэмээн генетикч үзэж байна.
 
Өнөөдөр генетикчид, судлаач нар Чингис хааны секс идэвхжилийн давтамж ба хөвгүүд төрөлтийн хоорондын холбоо хамаарлыг судалж, яагаад хөвгүүд олон төрсний шалтгааныг хайж байна. Гэрлэлтийн эхний жилд гэрлэсэн хосууд сексийг илүү ихээр хийдэг байтал охидоосоо хөвгүүд олон төрсөн нь сонин. Зарим судлаачид "Богино хугацаанд сексийг олон удаа үйлдсэнээр эрэгтэй хүний цусан дахь тестостероны түвшин нэмэгдэж, V хромосом давамгайлах боломжийг нэмэгдүүлдэг" гэж үзэж байна.
Бичсэн: zoljargal | цаг: 02:08 | chuluut sedev
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax